2025 оны тойм: цахилгаан уул уурхай ба эрчим хүч хуримтлуурууд
2025 онд бидний ажлын гол чиглэл нь эрчим хүч хуримтлуур болон цахилгаанжуулалт байлаа. Шугам ХХК гурван төслийн хүрээнд 130 гаруй МВт·цаг багтаамжтай эрчим хүч хуримтлуурын систем болон хүнд даацын уул уурхайн техникийг дизелээс цахилгаанд шилжүүлэх дэд бүтцийн зураг төслийг боловсрууллаа.
Оюутолгойн хүнд даацын тээврийг цахилгаанжуулах
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор Оюутолгой дизель түлшээр ажилладаг хүнд даацын тээврийн хэрэгслийг цахилгаанаар солиж байна. Бид баттерей солих, цэнэглэх станцын дэд бүтцийн нарийвчилсан зураг төсөл буюу 35 кВ-ын ЦДАШ, 2×2000 кВА трансформатор бүхий дэд өртөө, кабель шугам, газардуулга, аянга хамгаалалт, материалын тоо хэмжээг боловсруулж, барилга угсралт, туршилт тохируулгаас улсын комисс хүртэлх бүх шатанд зохиогчийн хяналт тавьсан. Оюутолгойн уурхайн талбайд хүнд даацын цахилгаан машин механизмын баттерей солих, цэнэглэх станц.
Баруун бүсийн системийг 10 МВт / 42 МВт·цаг хуримтлуураар тогтворжуулах
"Том Нар Энержи" ХХК-ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байгуулсан батарей хуримтлуурын станц нь Баруун бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал, шугамын алдагдлыг бууруулна. Бид станцын иж бүрэн зураг төсөл, 1×12.5 МВА 10/110 кВ өсгөх дэд станц, Есөнбулаг 110/35 кВ дэд станцын өргөтгөл, төсөв, тоног төхөөрөмж ба худалдан авах ажиллагааны зөвлөмж, зохиогчийн хяналтыг гүйцэтгэсэн. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10 МВт / 42 МВт·цаг батарей хуримтлуурын станцын зураг төсөл.
МАК-д 40 МВт нар, 90 МВт·цаг хуримтлуур
Монголын Алт (МАК) болон Huawei-ийн түншлэлийн хүрээнд Төв, Дорноговь, Дундговь аймгийн үйлдвэр, уурхайг гурван нарны цахилгаан станц, хуримтлуурын систем хангаж байна: Даланжаргалан (19.7 МВт / 48 МВт·цаг), Хөөт (13.5 МВт / 32 МВт·цаг), Сэргэлэн (4.9 МВт / 10 МВт·цаг). Бид EPC компанийн туслан гүйцэтгэгчээр зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналтыг хариуцсан. Mongolia MAK Solar төсөл: 40 МВт нарны цахилгаан станц, 90 МВт·цаг цэнэг хураагуур.